Цалин урамшуулал олгох тухай

2013-05-30 00:00:00
2013 оны 05 сарын 30 өдөр                                           дугаар А/546                                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 131 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.  Цэвэр агаарын сангаас санхүүжигдэж буй 352 650 000 /Гурван зуун тавин хоёр сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд хяналт тавьж ажиллах орон тооны бус байцаагчийн цалинг дүүргүүдэд  шилжүүлэн ажиллахыг Агаарын чанарын алба  /Ч.Батсайхан/-нд  даалгасугай.
 
2.  Цэвэр агаарын сангаас санхүүжигдэж буй  83 019 866  /наян гурван сая арван есөн мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг хязгаарлалтын бүсийн дүүргүүдэд ажиллах гэрээт  ажилтнуудын цалин болон урсгал зардалд зарцуулан, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахыг Агаарын чанарын алба /Ч.Батсайхан/-нд  даалгасугай.
 
3. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд ажиллаж буй орон тооны бус байцаагч, дүүрэг хариуцсан гэрээт ажилтнуудын ажилд хяналт тавьж, хариуцлага тооцон ажиллахыг Агаарын чанарын алба  /Ч.Батсайхан/-нд  даалгасугай.
 
4.Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж, хуваарийн дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.
 
5. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ