Аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

2013-05-24 00:00:00
2013 оны 05 сарын 24 өдөр                                            дугаар А/514                                             Улаанбаатар хот
       
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг,Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44  дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нэгдүгээр хавсралтаар, төсвийн менежер, санхүү бүртгэлийн ажилтнуудын сургалтын хуваарийг  хоёрдугаар  хавсралтаар  тус тус баталсугай.
 
2. Санхүү, бүртгэлийн ажилтнуудын мэргэжлийн ур, чадварыг дээшлүүлэх зорилгоор төсвийн шинэчлэл, улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан гаргах талаар  танхимын болон  зайны сургалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, түвшин тогтоох, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т  даалгасугай.
 
3. Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчил, дутагдлыг  дахин  гаргахгүй ажиллах, зөрчил дутагдал гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцон  үйл ажиллагаандаа дүгнэлт хийж  2013 оны 06 дугаар сарын 15-ны дотор Тамгын газарт хариу мэдэгдэхийг дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч, төсөвт байгууллагын төсвийн менежер, төсөл сан, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын  дарга нарт үүрэг болгосугай.
 
4. Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль болон санхүүгийн тайлан гаргах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж,  санаачлагатай ажиллахыг  дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч, төсөвт байгууллагын  төсвийн менежер, төсөл сан, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дарга нарт даалгасугай.
 
5. Зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг  2013 оны  9 дүгээр сард  Нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
6. Сургалтуудыг үе шаттай  зохион байгуулахад шаардагдах 47.380.000 /Дөчин долоон сая гурван зуун наян мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс   гаргахыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД  УЛААНБААТАР
                      ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ