Гэр хороололд гарч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай

2013-05-24 00:00:00
2013 оны 05 сарын 24 өдөр                                             дугаар А/517                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.1.1,  26.1.6, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн         ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Гэр хорооллын бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, амьдарч байгаа айл өрхүүдэд учирч болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүсч болох эрсдэл эмзэг байдлыг бууруулах, тэдгээрээс хамгаалагдсан байдалд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил арга зүйн зааварчилгаагаар хангах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хороодын иргэдийг хамруулан сургалт сурталчилгаа зохион байгуулахыг нийслэлийн Онцгой байдлын газар /онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр/-т даалгасугай.
 
2. Гэр хорооллын гудамж хоорондын зай хэмжээ алдагдсан нийтийн эзэмшлийн гудамжийг нарийсгасан байдал, зам гарцыг хааж мухар гудамж гаргасан, өндөрлөг газар болон гуу жалганы ирмэг дээр буусан айл өрхөд шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжгүй болсон зөрчлүүдийг арилгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай. 
 
3. Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан ашиглалтын аюулгүй байдлыг хангуулан, цахилгаан эрчим хүчний ашиглалт, угсралтын буруугаас гарсан галын тоо, хохирлыг  бууруулах  зорилтын  ажлын  хүрээнд холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулахыг Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани /гүйцэтгэх захирал Ш.Төмөрхүү/-д даалгасугай.
 
4. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, инженерийн байгууламж, далан сувгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, эвдрэл гэмтлийг богино хугацаанд засварлан ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс /С.Баяр-Өлзий/-т даалгасугай.
           
5. Нийслэлийн гэр хорооллын хороо, гудамж, нийтийн эзэмшлийн зам, талбайд гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд ухуулга сурталчилгаа хийж, санамж, сэрэмжлүүлгийг тараах, мэдээллийн байнгын самбар ажиллуулахыг дүүрэг, хороодын Засаг дарга нарт даалгасугай.
 
6. Нийслэл хотын хэмжээнд “Гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн оролцоотойгоор 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулахыг нийслэлийн Онцгой байдлын газар /онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр/-т үүрэг болгосугай.
 
7. Гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд сургалт сурталчилгаа зохион байгуулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, шторк, санамж сэрэмжлүүлэг хэвлүүлэх, шатахууны зардалд шаардагдах 7.040.660 /долоон сая дөчин мянга зургаан зуун жар/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
8. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг нийслэлийн Онцгой байдлын газар /онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр/-т даалгасугай.
 
 
 
                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                       БӨГӨӨД УЛААНБААТАР
                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ