Захирамж хүчингүй болгох тухай

2013-05-24 00:00:00
2013 оны 05 сарын 24 өдөр                                            дугаар А/515                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх Гачууртын эх үүсвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхэд Монголын талын хүлээж буй үүргийн дагуу цэвэр усны дамжуулах гол шугамын трасст орсон инженерийн шугам сүлжээг шилжүүлэн зөөх ажлыг экспертизээр баталгаажуулсан зураг төсвийн дагуу ашиглагч байгууллага болох Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани  /С.Төмөрхүү/, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани /П.Маргад-Эрдэнэ/-тай гэрээ байгуулан ажиллахыг Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д даалгасугай.
 
2. Инженерийн шугам сүлжээг нүүлгэн шилжүүлэх зардал 352,7 сая /гурван зуун тавин хоёр сая долоон зуун мянга/  төгрөгийг Нийслэлийн 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын газар чөлөөлөх нөхөн олговрын батлагдсан зардлаас гарган гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
3.Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д,  Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/-т тус тус даалгасугай.
 
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/422 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ