Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2019-05-09 09:45:47

2019 оны 05 сарын 09-ний өдөр                                     Дугаар А/426                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

 зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хоорондын 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Техникийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх гэрээ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Германы  Олон  Улсын  Хамтын  Ажиллагааны  Нийгэмлэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын  газрын хамтран хэрэгжүүлэх “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд 2019 онд дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, дулаан техникийн засвар шинэчлэлт хийх  нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн жагсаалтыг 1 дүгээр, Сонгинохайрхан дүүргийн  зарим сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 2 дугаар, Баянзүрх дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн засвар шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 3 дугаар хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг үнэлгээний хороо /Ж.Энхтөр/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний нийслэлээс хариуцах 975.0 /есөн зуун далан таван/ сая төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн  ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

       4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН  ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН