Эрх шилжүүлэх тухай

2019-05-09 09:35:20

2019 оны 05 сарын 09-ний өдөр                                       Дугаар А/424                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 60 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх авто замын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг 1 дүгээр, хот тохижилт, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтад  заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, 2 дугаар хавсралтын 1-14-т заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, 2 дугаар хавсралтын 15, 16-т заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж,  хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хяналтын камерын мэдээллийг хот байгуулалтын дундын мэдээллийн санд бүртгэн, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар /О.Чинзориг/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/137 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 11, 44, 45, 58 дахь хэсэг, 2019 оны А/298 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 12, 15, 16, 17, 30 дахь хэсэг, тус захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Авто зам, замын засварын ажлын жагсаалт”-ын  3, 12 дахь хэсгийг тус тус  хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН