Зуслангийн авто замын урсгал засвар арчлалт, гадаргуугийн боловсруулалтын ажлыг хийх тухай

2013-05-22 00:00:00
2013 оны 05 сарын 22 өдөр                                            дугаар А/513                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэхь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Дамбадаржаагийн цагдаагийн постоос Хандгайт хүртлэх зуслангийн авто замын урсгал засвар арчлалт, гадаргуугийн боловсруулалтыг шинэ технологиор хийхэд шаардагдах 700,0 /долоон зуун/ сая төгрөгийн 350,0 сая төгрөгийг нийслэлийн замын сангийн хотын гол болон туслах гудамж авто замуудын засварын хөрөнгөөс, 350,0 сая төгрөгийг хотын захын 10 гол гудамжуудын авто зам, замын байгууламжийн байнгын засвар, арчлалтын хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, холбогдох хууль, журамд нийцүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай.  
 
3.Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
           
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/461 дүгээр захирамжийн хавсралтын 8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
     
 
 
 
                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                               БӨГӨӨД УЛААНБААТАР
                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ