Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-04-18 09:10:18

2019 оны 04 сарын 18-ны өдөр                                       Дугаар А/329                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ой хээрийн түймрээс урьдчилан

сэргийлэх талаар авах зарим

арга хэмжээний тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.18, Улсын Онцгой комиссын 2019 оны 01 дүгээр албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулах болон нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай гал түлэхийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хориглосугай.

 

         2.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага албан тушаалтнуудад үүрэг болгосугай. 

 

          2.1.Нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга, төгсөлтийн баярын арга арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, иргэдийн явган болон тээврийн хэрэгслээр ногоон бүсэд нэвтрэх хөдөлгөөнд хяналт тавьж хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа амралт, аялал жуулчлалын газруудтай хамтран иргэдийг ногоон бүсэд нэвтрүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /Д.Батсүх/-т, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар /Д.Дашдорж/-т;

 

           2.2.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ногоон бүсэд түймрийн зурвас сэргээх, шинээр гаргах, авто тээврийн хэрэгсэл нэвтэрч болох газруудад зурвас шуудуу гарган, автомашины саад, сэрэмжлүүлэх самбаруудыг нэмэлтээр байрлуулах, морин эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлж түр пост байршуулж ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны орчны газар /Э.Баттулга/-т;

 

           2.3.Иргэд хашаандаа өнжмөл шар өвс, ил задгай хог шатааснаас объектын болон ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулах, ногоон бүсэд байрлах аж ахуйн нэгж байгууллага, хороодын ажилтан албан тушаалтнуудыг томилгоожуулж, эргүүл жижүүрийг тогтмол  зохион байгуулж ажиллуулах, түймрийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгслийг тодотгох, шаардагдах шатахуун, тослох материал, хоол хүнс, түймэр унтраах багаж хэрэгслийн нөөцийг бүрдүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт;

 

          2.4.Ой хээрийн түймэр, унтраах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, түймэр гарсан тохиолдолд шуурхай унтраах, холбогдох мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т;

 

            2.5.Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шуурхай хүргэж, сэрэмжлүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т.

 

           3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН