Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай

2019-04-17 09:15:04

2019 оны 04 сарын 17-ны өдөр                                       Дугаар А/322                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газрын зөрчил арилгах талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 1, 2 дахь заалт, Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хэмжээнд газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилгах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсугай.

 

       2.Газрын зөрчил арилгах үйл ажиллагааг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

      3.Газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж замыг хаасан, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж, газар чөлөөлөх арга хэмжээг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Р.Батрагчаад даалгасугай.

 

       4.Газрын зөрчил арилгах арга хэмжээг дүүргийн хэмжээнд хариуцан зохион байгуулах үүрэг бүхий салбар ажлын хэсэг байгуулж, газар чөлөөлөх, зөрчил арилгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     5.Энэ ажлын хүрээнд газар чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийг газрын хянан баталгааны зардал болон холбогдох бусад эх үүсвэрээс тухай бүрт гарсан шийдвэрийг үндэслэн санхүүжүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

        6.Энэхүү ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчлах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, оролцоог хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т үүрэг болгосугай.

 

     7.Энэхүү захирамжийн биелэлтийг улирал бүр танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Р.Батрагчаа/-т даалгасугай.

 

        8.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/168, 2018 оны “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809, 2018 оны “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”  А/972, 2018 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/835 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.АМАРСАЙХАН