Орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай

2019-04-17 09:10:36

2019 оны 04 сарын 17-ны өдөр                                            Дугаар А/321                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор

хашаа, хайсыг буулгах ажлыг зохион

байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 115 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа барьж ашиглах тухай" журмын 3 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улаанбаатар хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээ авч ажиллахыг дор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

 

      1.1.Улаанбаатар хотын Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай хашаа, хайс, түр хашааны судалгаа гаргахыг Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т;

 

     1.2.Шаардлагад нийцэхгүй хашаа, хайс, түр хашааг буулгах мэдэгдлийг холбогдох этгээдэд хүргүүлж, мэдэгдэлд заасан хугацаанд хашаа, хайс, түр хашааг буулгаагүй тохиолдолд албадан чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Э.Болорчулуун/-д, уг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т тус тус;

 

       1.3.Хашаа, хайс, түр хашааг албадан буулгахтай холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т.

 

      2.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН