“Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай

2019-04-17 09:05:01

2019 оны 04 сарын 17-ны өдөр                                         Дугаар А/320                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

“Эрүүл иргэн” аян зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2017 оны “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого батлах тухай” 24 дүгээр, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр батлах тухай” 11 дүгээр, “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 78 дугаар, “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 289 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийг эрчимжүүлэх, өвчлөл, хүндрэлээс сэргийлэх зорилгоор “Эрүүл иргэн” аяныг 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

 

        2.“Эрүүл иргэн” аяны үйл ажиллагаанд шаардагдах төсвийг хавсралт ёсоор баталсугай.

 

       3.Аяныг хэрэгжүүлэх, арга хэмжээг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, чанарын өндөр түвшинд зохион байгуулж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийг үзлэгт хамруулах ажлыг холбогдох эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

     4.Үйл ажиллагаанд шаардагдах 49 454 000 /дөчин есөн сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажлыг үр дүнгээр тооцон сайжруулах арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

       5.Аяны удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН