Эрх шилжүүлэх тухай

2019-04-12 11:05:36

2019 оны 04 сарын 12-ны өдөр                                       Дугаар А/298                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

           

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжих хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг 1 дүгээр, авто зам, замын засварын ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/137 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 1, 3, 5, 7, 12, 19, 20, 21, 24, 25, 26, 27, 37, 39, 42, 46, 47, 48, 50, 65, 66, 74, 75, 76 дахь хэсэг, 2 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх авто зам, засварын ажлын жагсаалт”-ын 1, 2, 4, 5, 6, 8, 11 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                  С.АМАРСАЙХАН