Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2019-04-12 10:00:41

2019 оны 04 сарын 12-ны өдөр                                         Дугаар А/295                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

           

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн барилгын их засварын ажлын жагсаалтыг 1 дүгээр, ерөнхий боловсролын ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах зориулалтын орчин бүрдүүлэх ажлын жагсаалтыг 2 дугаар, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд холбогдоогүй сургууль, цэцэрлэгт жишиг ариун цэврийн байгууламж барих ажлын жагсаалтыг 3 дугаар, сургуулийн автобус худалдан авах ажлыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Б.Гүндсамбуу/-т даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 1, 2, 3 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, 4 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т,  хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН