Эрх шилжүүлэх тухай

2019-04-12 09:45:27

2019 оны 04 сарын 12-ны өдөр                                         Дугаар А/293                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх авто зам, зам засварын ажлын жагсаалтыг 1 дүгээр, барилгын засвар, тохижилтын ажлын жагсаалтыг 2 дугаар, нийгмийн салбарт худалдан авах тоног төхөөрөмжийн жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

    2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, 3 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

      4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/131 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх авто зам, зам засварын ажлын жагсаалт”-ын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтаар баталсан “Тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, бүтээн байгуулалтын ажлын жагсаалт”-ын 2, 4, 6, 9, 13, 14 дэх хэсэг, 3 дугаар хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэгийн техник, тоног төхөөрөмжийн ажил”-ын 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН