Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2013-05-15 00:00:00
2013 оны 05 сарын 15 өдөр                                         дугаар А/484                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2005 оны 197 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгөд бүртгэлтэй 128550284.28 /нэг зуун хорин найман сая таван зуун тавин мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг 28 мөнгө/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 700 тн багтаамжтай аммиакан хөргүүртэй зоорь, тоног төхөөрөмжийн хамт, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Салхитын аманд байрлах 2074941000 /хоёр тэрбум далан дөрвөн сая есөн зуун дөчин нэгэн мянган/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий үслэг ангийн аж ахуйн дуусаагүй барилгууд, Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 4032000 /дөрвөн сая гучин хоёр мянган/ төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гараж нийт 2207523284,28 /хоёр тэрбум хоёр зуун долоон сая таван зуун хорин гурван мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг 28 мөнгө/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламж, тоног төхөөрөмжийг хавсралтын дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газарт балансаас балансад шилжүүлэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т зөвшөөрсүгэй.
 
2. Балансаас балансад шилжүүлэн авсан хөрөнгийг эргэлтийн бус хөрөнгөдөө бүртгэн авч, харуул хамгаалалт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Дээрх хөрөнгийн харуул хамгаалалтанд шаардлагатай зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын Газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.  
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э. БАТ-ҮҮЛ