Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай

2013-05-14 00:00:00
2013 оны 05 сарын 14 өдөр                                        дугаар А/479                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”,”б”,”в”, ”ж”,  29.1.5 ”е”, 29.1.6 “л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйл, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.6 дахь хэсгүүд,  Дэд бүтцийн хөгжлийн сайд, Байгаль орчны сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 1997 оны 11/05/А/18 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. “Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрт тавигдах ерөнхий шаардлага” MNS 5480:2005, “Урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус Техникийн шаардлага” MNS 5582:2006 стандартын хэрэгжилтийг шалгасан мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн “Урьдчилан цэвэрлэх байгууламж” НӨҮГазрыг Ус сувгийн удирдах газрын нэгж болгон зохион байгуулах асуудлыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн / нарт үүрэг болгосугай.
 
2. Ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргах, батлагдсан үнэ тарифыг мөрдүүлэх, бохир усыг цэвэршүүлэх үйл ажиллагааг зохицуулах, зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож хариуцлага тооцох, ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн журмыг батлуулж хэрэгжүүлэх, ус ашиглалтын бодит байдлыг нийслэлчүүдэд танилцуулж байхыг  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/-т  тус тус даалгасугай.
 
3. Арьс ширний үйлдвэрээс гарч буй химийн бохирдолтой ноосыг урьдчилан цэвэрлэх байгууламжид холбогдоогүй ноос, ноолуур угаах үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрүүдэд угаахгүй байх, авто угаалгын төв, өлөн боловсруулах үйлдвэрүүдийн байршлыг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шинэчлэн тогтоох, хэвлэлийн хор, будаг бүхий сонин сэтгүүлийн хаягдал цаасыг дахин боловсруулж ариун цэврийн цаас үйлдвэрлэхийг хориглох, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т, Ус сувгийн удирдах газар /С.Үнэн /-т тус тус үүрэг болгосугай.
 
4. Нийслэл хотод баригдах цэвэрлэх байгууламж болон ус цэвэршүүлэх чиглэлээр баригдах байгууламжуудад тавигдах шалгууруудыг боловсруулан батлуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/, Ус сувгийн удирдах газар /С.Үнэн /-т  тус тус даалгасугай.
.
5.  Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Арьс ширний үйлдвэрийн хашаанд үйл ажиллагаа явуулж буй  иргэн, аж ахуйн нэгжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний менежментийн төлөвлөгөөг чанд мөрдөх, түүний  биелэлтийг нь хангуулж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг,  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/-т тус тус даалгасугай.
 
6. Мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тавьж байгаа хяналтын үйл ажиллагаанд мониторинг хийж, зохих арга хэмжээ авахыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
7. Ногоон хөгжлийн  чиглэлээр ажиллаж байгаа иргэн аж ахуйн нэгжийг дэмжин ажиллаж, шинэ технологийг судлан, туршиж нутагшуулах, ажилд зарцуулагдах хөрөнгийг  жил бүрийн төсөвт тусгуулан ажиллах, дээрх захирамжийн хэрэгжилтийг  2013 оны 4 дүгээр улиралд багтан Нийслэлийн  Удирдлагын зөвлөлд танилцуулахыг Нийслэлийн Засаг  даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
 
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ