Нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийн програм хангамж нэвтрүүлэх тухай

2013-05-14 00:00:00
2013 оны 05 сарын 13 өдөр                                      дугаар А/474                                                  Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2013 оны зорилтод тусгагдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуй нэгжид үзүүлдэг ажил, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх “СМАРТ СИТИ” төслийн хүрээнд нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийн програм хангамжийг боловсруулж, нэвтрүүлэх ажлыг 2013 оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 2.Нийслэлийн харьяа байгууллага хоорондын албан бичгийн програм хангамжийг боловсруулж, нэвтрүүлэх аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулах, шаардагдах зардлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлбөр хураамж болон бусад зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ