Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай

2019-03-22 09:15:20

2019 оны 03 сарын 22-ны өдөр                                        Дугаар А/213                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг

хангах зарим арга хэмжээний тухай

 

 

     Сонгуулийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “ж”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

    1.Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2019 оны 01, 02 дугаар тогтоолоор тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10, 19 дүгээр тойрогт дахин сонгуулийн санал хураалтыг 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр явуулах болсонтой холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

 

      1.1. Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт дахин сонгуулийн санал авах өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад;

 

      1.2. Сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах нарт тус тус;

 

      1.3. Сонгуулийн санал авах өдөрт дүүргийн нутгийн захиргааны холбогдох байгууллага, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дээрх байгууллагууд /санал авах байр/-ыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК /Д.Баярсайхан/, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК /Н.Мандахбаатар/, Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН