Хөрөнгө гаргах тухай

2019-03-06 09:00:40

2019 оны 03 сарын 06-ны өдөр                                              Дугаар А/180                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 20/17, 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдах авто зам болон инженерийн шугам сүлжээний нөлөөлөлд өртсөн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар өмчлөгч 1 /нэг/ иргэний газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэн З.Энхтуяад нөхөх олговор олгоход шаардагдах 147,035,130  /нэг зуун дөчин долоон сая гучин таван мянга нэг зуун гучин/   төгрөгийг  нийслэлийн 2019  оны  төсөвт  тусгасан  2017-2019 он дамжин санхүүжих Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж  буй “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-1, 2”-ийн зээлийн эргэн төлөлт, Улаанбаатар хотын хариуцах хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд  даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН