Тэмцээн зохион байгуулах тухай

2019-03-05 09:05:15

2019 оны 03 сарын 05-ны өдөр                                         Дугаар А/179                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Тэмцээн зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08, 2018 оны 19/16, 20/17 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
      1.Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох зорилгоор дараахь спортын уралдаан, тэмцээнийг 2019 оны 03 дугаар сард багтаан зохион байгуулсугай.

 

      1.1.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” волейболын тэмцээн;

 

      1.2.Хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээн;

 

       2.“Улаанбаатар лиг” волейболын тэмцээн зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг нэгдүгээр, хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээн зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

       3.Тэмцээн зохион байгуулахад шаардагдах 30.140.000 /гучин сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     4.“Улаанбаатар лиг” волейбол, Хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээнүүдийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо /Ж.Ганболд/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН