Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх тухай

2013-05-07 00:00:00
2013 оны 05 сарын 07 өдөр                                          дугаар А/452                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 6/20 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын 5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн  харьяа байгууллагуудын үйл ажиллагааны явцад үүссэн “Захирамжлалын баримтад цахим хувь үйлдэх ажлын удирдамж”-ийг нэгдүгээр хавсралтаар, “Хамрагдах байгууллагуудын жагсаалт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
2.Захирамжийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, шаардлагатай техник хэрэгсэл,  боловсон хүчнээр хангах асуудлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг байгууллагуудын дарга нарт үүрэг болгосугай.
 
3.Баримтад цахим хувь үйлдэх, бүх шатны байгууллагаас  архивын баримт мэдээлэл-лавлагааг онлайн хэлбэрээр авах, ашиглуулах  нөхцлийг үе шаттайгаар шийдвэрлэж, гүйцэтгэл үр дүнг хангуулж ажиллахыг Нийслэлийн Архивын газар /С.Гаваа/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Х.Гантулга/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ