Нийслэлийн өвөлжилт өнгөрүүлсэн дүн, 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай

2013-05-03 00:00:00
2013 оны 05 сарын 03 өдөр                                     дугаар А/445                                                   Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “д”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны  44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, өвөлжилт өнгөрүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан хавсралтад дурдагдсан ажилтнуудыг шагнаcугай. Шагналд зориулах 2,0 сая /хоёр сая/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2. Нийслэлд 2013 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөө, өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө гарган ажлаа зохион байгуулж, биелэлтийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, холбогдох байгуулагуудын дарга, удирдлагуудад даалгасугай.
 
3. Засварын хугацаанд ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, түр зогсолтын графикт хугацааг чанд мөрдөн ажиллахыг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/, “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /С.Төмөрхүү/, Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Ч.Бямбажав/ болон инженерийн хангамжийн бусад байгууллагуудад үүрэг болгосугай.
 
4. Хотын захын орон сууц, төсөвт байгууллагуудыг дулаанаар хангадаг халаалтын зуухнуудын шинэчлэл, засварын ажлыг хугацаанд нь гүйцэтгүүлж,   нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, Боловсролын газар /Ц.Отгонбагана/, Эрүүл мэндийн газар /С.Туул/, Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар /З.Занданпүрэв/-т тус тус даалгасугай.
 
5. Барилга, нийтийн зориулалттай орон сууцны дулааны алдагдлыг бууруулан дээвэр, хашлага хийцийг дулаалах, цонх, хаалгыг шинэчлэх замаар эрчим хүчийг  хэмнэж,  тав  тухтай  ажиллаж  амьдрах  орчин  бүрдүүлэхийг   нийт
 
байгууллагын удирдлага, “Сууц Өмчлөгчдийн Холбоо”-дод зөвлөж, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг дүүрэг, хорооны Засаг дарга нар, Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл / Ж.Баяржаргал/-д даалгасугай.
 
6. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын автобус, троллейбусны парк шинэчлэл, засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулж, иргэдэд үйлчлэх тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангахыг Нийтийн тээврийн газар /Ч.Энхбат/-т даалгасугай.
 
7. Нийслэл хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн өмчийн болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерийн бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрт шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллахыг нийт барилга, байгууламж өмчлөгч, эзэмшигч болон инженерийн хангамжийн байгууллагын удирдлагуудад, байнга хяналт тавьж ажиллахыг дүүрэг, хорооны Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
8. Барилга, байгууламжийн халаалтын дотор системийн угаалга, цэвэрлэгээг нормативт хугацаанд нь мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, шаардлагатай тохиолдолд  шинэчлэхийг нийт барилга,  байгууламж өмчлөгч, эзэмшигч, “Сууц Өмчлөгчдийн Холбоо”-дод, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /Ч.Бямбажав/-т тус тус үүрэг болгосугай.
 
9. Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжийн  хөрөнгөөр хийгдэж байгаа авто зам инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгүүлэхийг Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/ Захирагчийн Ажлын Албаны Инженерийн байгууламжийн хэлтэс /С.Баяр-Өлзий/-д тус тус үүрэг болгосугай.
 
10. Гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцээр хангах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/, Дүүргүүдийн засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
 
 
 
                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                       БӨГӨӨД УЛААНБААТАР
                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         Э.БАТ-ҮҮЛ