Урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай

2019-02-04 09:30:25

2019 оны 02 сарын 04-ний өдөр                                    Дугаар А/76                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Урьдчилан сэргийлэх зарим

арга хэмжээ авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын ”в”, 29.1.5-ын “е”, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 35 дугаар зүйлийн 35.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/346 дугаар “Төлөвлөгөө батлах тухай” тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Томуугийн вирусийн халдварын тархалт Нийслэлийн нутаг дэвсгэрт нэмэгдэж, цаашид нөхцөл байдал хүндрэх тархвар судлалын эрсдэл үүсэж байгаа тул  хүүхдийн бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-ээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосугай.

 

       2.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, урлаг, соёлын үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт дээрх хугацаанд 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байх арга хэмжээ авч ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ж.Дамдинцэрэн/-т  тус тус даалгасугай. 

 

      3.Үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар /Ө.Ган-Өлзий/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар /О.Чинзориг/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ж.Дамдинцэрэн/, Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

      4.Халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг ариутгах, халдваргүйтгэх ажлыг тогтмол зохион байгуулахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т үүрэг болгосугай.

 

      5.Иргэдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ариутгал, орчны эрүүл ахуйн нөхцөл, халдваргүйтгэлийг сайжруулах, халдвараас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгаа, мэдээлэл, сэрэмжлүүлгийг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

 

       6.Олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг хэвлэл мэдээллийн бүх арга хэрэгслээр өргөнөөр зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т даалгасугай.

 

        7.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                         АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                         ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН