Тэнэмэл, орон гэргүй иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2018-11-28 09:05:20

2018 оны 11 сарын 28-ны өдөр                                        Дугаар А/1117                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Тэнэмэл, орон гэргүй иргэдийн талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “д”, 29.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 23 дугаар зүйлийн 23.1, Засгийн газрын 2014 оны 137 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 187 дугаар, 2018 оны 04/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа тэнэмэл, гэр оронгүй иргэдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулсугай.

 

       2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

      2.1.хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан “Гэртээ харих зам” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд тэнэмэл, орон гэргүй иргэдийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус;

 

       2.2.тэнэмэл, орон гэргүй иргэдийг бүртгэлд бүрэн хамруулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, “Нийгмийн хамгааллын тусгай төв”  /Г.Цэрэндулам/-д, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, нийгмийн халамжийн тухай хууль тогтоомжийн дагуу түр байршуулах үйлчилгээнд хамруулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар /Т.Оюунчимэг/-т тус тус.

 

      3.Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 31,660,000 /гучин нэгэн сая зургаан зуун жаран мянган/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардал”-аас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД