Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай

2018-11-27 09:30:03

2018 оны 11 сарын 27-ны өдөр                                    Дугаар А/1109                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгож, бичил цэцэрлэгт

хүрээлэн байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 191 м² газар 2011 оноос хойш эзэмшиж байгаа иргэн Б.Бямбасэлэм /РД: ПМ85042712/ нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан газрыг орчин үеийн архитектор төлөвлөлтийн шийдлийн дагуу иргэд амарч зугаалах ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн бичил цэцэрлэгт хүрээлэн болгон иж бүрэн тохижуулах ажлыг 2019 оны III улиралд багтаан зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус даалгасугай.

 

    3.Газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон талаар иргэн Б.Бямбасэлэмд мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд үүрэг болгосугай.

 

     4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/53 дугаар захирамжийн хавсралтын “40” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                        ЗАХИРАГЧ                                    С.БАТБОЛД