Хуучин обьектыг буулгаж газар чөлөөлөх тухай

2013-04-15 00:00:00
2013 оны 04 сарын 15 өдөр                                        дугаар А/392                                              Улаанбаатар хот
  
Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг 2013-2014 оны өвлийн их ачааллаас өмнө хангах зорилгоор “Амгалан дулааны станц”-ыг барих болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15 халаалтын зуухны хуучин обьектыг буулгаж газар чөлөөлөх ажлыг 2013 оны 05 дугаар сарын 15-ны дотор,  халаалтын зуухны ашиглалтад байгаа 3 зуухыг буулгаж, шилжүүлэн угсрах ажлыг 2013 оны 04 дүгээр сарын 18-ны дотор санхүү, техникийн чадавхи болон туршлагын шаардлагад нийцсэн аж ахуйн нэгжүүдтэй шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
2. Хуучин обьектыг буулгаж газар чөлөөлөх, тоног төхөөрөмжийг буулгаж, шилжүүлэн угсрахтай холбогдон гарах ажлуудын зардлыг хянан баталгаажуулсан гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
3.Захирамжийн биелэлт, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт тус тус даалгасугай.
 
 
 
 
                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ