Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, явган замын гэрэлтүүлгийн төсөл, арга хэмжээг зохион байгуулах тухай

2013-04-11 00:00:00
2013 оны 04 сарын 11 өдөр                                             дугаар А/383                                            Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  2013 онд санхүүжих  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/368  дугаар захирамжаар батлагдсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам, явган замын гэрэлтүүлгийн 934,000,000 / есөн зуун гучин дөрвөн сая/ төгрөгийн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн  асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/,  захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
     
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ