Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2018-08-31 09:05:13

2018 оны 08 сарын 31-ний өдөр                                        Дугаар А/809                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх

талаар авах зарим арга хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “в”, “л”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 3, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэл Улаанбаатар хотын намрын тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор дараахь арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

     1.1.нийслэлийн нутаг дэвсгэр дэх эвдэрч, гэмтсэн явган хүний зам, талбайг сэргээн засварлаж, тохижуулах ажлыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор зохион байгуулж, дүнг танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт;

 

     1.2.тээврийн хэрэгслээ зогсоох болон бусад арга, хэлбэрээр нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь явган хүний зам, гарц, гармыг хаан, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч, дүнг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт, уг арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/, Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/, Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд тус тус;

 

      1.3.иргэд явган алхах нөхцөлийг бүрдүүлж, явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/, Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-т тус тус;

 

     1.4.энэ захирамжийн 1.2-т заасан зөрчил гаргасан этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/-т;

 

     1.5.уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т.

 

    2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                            ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД