2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай

2013-04-02 00:00:00
2013 оны 04 сарын 02 өдөр                                              дугаар А/347                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний цэргийн  үүргийн болон  цэргийн  албан  хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын  2013 оны мн/50 дугаар тогтоол, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2013 оны н/35 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажлыг 2013 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах,  гэрээт цэрэгт элсүүлэх  ажлыг   2013 оны 5 дугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж  явуулсугай.
 
2. Зэвсэгт хүчин бусад цэргийг нөхөн хангахаар цэргийн жинхэнэ албанд дүүргүүдээс тэнцүүлэн татах болон гэрээт цэрэгт элсүүлэх  хүний тоог хавсралтаар баталсугай.
 
3. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулж ажиллах “Цэрэг татлагын товчоо”-г  дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд:
 
            Дарга:                         Нийслэлийн Засаг даргын  Тамгын газрын дарга
 
            Орлогч дарга:           Нийслэлийн Засаг даргын Тамгын  газрын Цэргийн                                                                
                                                 штабын дарга 
            Гишүүдэд:                 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн
                                                хэлтсийн дарга
                                                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, олон
                                                нийттэй харилцах хэлтсийн дарга                                                                   
                                                Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
                                                Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  дарга
                                                Нийслэлийн Боловсролын  газрын  дарга
                                                Замын цагдаагийн дэд дарга бөгөөд нийслэлийн замын
                                                цагдаагийн газрын  дарга                                                               
                                                Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга
                                                Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга
            Нарийн бичгийн                      
            дарга                          Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн
                                                 штабын нөхөн хангалт, тоо бүртгэлийн офицер
 
4.  Нийслэлийн Цэрэг татлагын товчоо /Ё.Гэрэлчулуун/-нд даалгах нь :
 
а/  Нийслэл, дүүргийн цэрэг татлагын товчоодын дарга, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, цэрэг татлага, халалтын ажилтай   холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, тухайн ажлыг гүйцэтгэх онцлогын талаар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж,  гүйцэтгэлтэнд нь хяналт тавьж  ажиллах;
 
б/ “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэдээс авах шалгалтын заавар”-ын дагуу гэрээт цэргийн албанд элсүүлэх, Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 115/58/103 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар"-ыг баримтлан иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгөгдсөн даалгаварыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх.
 
5. Дүүргүүдийн Засаг дарга нарт даалгах нь:
 
а/ Ээлжит цэрэг татлагын ажлыг эрхлэн явуулах “Цэрэг татлагын товчоо”-г дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулан, товчооны бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллагын албан хаагч болон шаардлагатай мэргэжлийн байгууллагын ажилтныг томилон, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлагыг  бүрэн хангасан маягт, албан  хэргийг хөтлөх  бэлтгэл болон зохион байгуулалтын арга хэмжээг авч, ажиллах байр, тээврийн хэрэгслээр ханган, шаардагдах төсөв хөрөнгийг хуульд нийцүүлэн гаргаж ажиллах;
 
б/ Цэрэг халалт, татлагын үед нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлж, цэрэгт татагдагчдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах;
 
в/ Цэрэгт татагдагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах  байр, нарийн мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгааг өгч, мэргэжлийн удирдлага, эм эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангаж, цэрэг татлагын байрыг бэлтгэх;
 
г/ Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх;
 
д/ Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан цэргийн албанд татагдаж буй иргэдийг “Иргэний цахим үнэмлэх”-тэй цэргийн албанд тэнцүүлэн татах;
 
е/ Цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг цэрэг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Цэрэг татлагын товчоонд ирүүлэх.
 
6. Цэрэг татлагын ажлыг байнгын удирдлагаар ханган ажиллаж, дүнг танилцуулахыг Цэрэг татлагын товчоо /Ё.Гэрэлчулуун/-нд даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ