Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2018-06-25 08:55:21

2018 оны 06 сарын 25-ны өдөр                                        Дугаар А/583                                       Улаанбаатар хот

 

 

 

Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн XIII.1.1.92, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улсын төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16, 17, 18 дугаар гудамжинд 300 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрын нөлөөлөлд өртсөн 20 /хорь/ иргэнд олгох газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасны дагуу нөхөх олговор олгоход шаардагдах 1,251,985,200 /нэг тэрбум хоёр зуун тавин нэгэн сая есөн зуун наян таван мянга хоёр зуун/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                        ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД