Дүрэмд нэмэлт оруулах тухай

2018-05-25 08:05:56

2018 оны 05 сарын 25-ны өдөр                                    Дугаар А/492                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Дүрэмд нэмэлт оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/774 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дүрэм”-ийн Хоёр дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 2.8-2.10 дахь заалт нэмсүгэй:

 

     "2.8.Газар нь өндөр технологи, мэдлэг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, төр-хувийн хэвшил, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн өрсөлдөх чадвар бүхий компаниудыг бойжуулан төлөвшүүлэх, өндөр ур чадвартай хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, зохион бүтээгч, гарааны компани, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран инновацийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг бий болгох, инновацийн хөгжлийг дэмжих үндсэн чиг үүрэг бүхий төвтэй байна.

 

        2.9.Төвийн ажиллах журмыг Газрын  дарга батлах бөгөөд төв дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

        2.9.1.инновацийн оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;

 

       2.9.2.нийслэлийн эдийн засгийн өсөлтийг хангах, нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацийн төслийн уралдаан, тэмцээн зохион байгуулах;

 

       2.9.3.өндөр технологи болон инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох гарааны бизнесийг бойжуулах, хөгжүүлэх;

 

       2.9.4.хөрөнгө оруулагчдыг татах замаар инновацийн төсөл, хөтөлбөр, гарааны бизнесийг санхүүжүүлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

 

       2.9.5.инновацийн соёлыг дэлгэрүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах үзэсгэлэн, хурал семинар, сургалт болон бусад арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

 

          2.9.6.инновацийн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, анхны загварыг турших орчныг бүрдүүлэх.

 

        2.10.Төвийн үйл ажиллагааг мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.”

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                               ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД