Барилгын зөвшөөрөл олгох, барилга байгууламж ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах талаар авах арга хэмжээний тухай

2018-04-24 08:40:40

2018 оны 04 сарын 24-ний өдөр                                     Дугаар А/364                                        Улаанбаатар хот

 

 

 

Барилгын зөвшөөрөл олгох, барилга

байгууламж ашиглалтад оруулах үйл

ажиллагааг зохион байгуулах талаар

авах арга хэмжээний тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.6, Засгийн газрын 2017 оны 68, 69, 171, 172 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн нутаг дэвсгэрт Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.5-д зааснаас бусад барилга, байгууламжид барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, барилга ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнийг томилон, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх барилга байгууламжийн гадна тохижилт, засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т тус тус даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан ажлыг зохион байгуулахдаа Барилгын тухай хууль тогтоомж, “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”, “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг тус тус чанд мөрдөж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулж “Барилгын зөвшөөрөл олгох, барилга байгууламж ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах талаар авах арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/370 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                     ЗАХИРАГЧ                                  С.БАТБОЛД