Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай

2018-04-06 08:10:53

2018 оны 04 сарын 06-ны өдөр                                        Дугаар А/298                                          Улаанбаатар хот

 

 

 

 

  Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.3, 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.2, 12 дугаар зүйлийн 12.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх нүүрсний ордуудын хууль бус олборлолтын улмаас иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх зөрчигдөх, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж байгаа явдлыг таслан зогсоох, эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх асуудлаар тус дүүргийн оршин суугч, иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулгыг 2018 оны 04 дүгээр сарын 12-13-ны өдөр Налайх дүүрэгт зохион явуулсугай.

 

      2.Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зөвлөлдөх санал асуулга явуулах сэдвийг 2 дугаар, зөвлөлдөх санал асуулга явуулахад шаардагдах төсвийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      3.Энэ захирамжийн 3 дугаар хавсралтад заасан зөвлөлдөх санал асуулгыг явуулахад шаардагдах 39,562,850 /гучин есөн сая таван зуун жаран хоёр мянга найман зуун тавин/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

       4.Зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэн, зөвлөмж гаргаж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулж, батлуулахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                           ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД