Санхүүжилтийн түр горимыг үргэлжлүүлэн тогтоох тухай

2013-03-11 00:00:00
2013 оны 03 сарын 11 өдөр                                                    дугаар А/181                                      Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, 41.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөг хүртэл тус дүүргийн 2013 оны төсвийг батлаагүй байгаа тул 2013 оны 01 дүгээр сарын 25–ны өдрөөс эхлэн тус дүүрэгт тогтоосон санхүүжилтийн түр горимыг үргэлжлүүлэн тогтоосугай.
 
2. Санхүүжилтийн түр горимыг үргэлжлүүлэн тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Багануур дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 03 дугаар сард 298 700 000 /хоёр зуун ерэн найман сая долоон зуун мянга/ төгрөг, 04 дүгээр сард 263 400 000 /хоёр зуун жаран гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг байхаар тогтоож, батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
        
3. Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжавт үүрэг болгосугай.
 
4. Санхүүжилтийн түр горимын биелэлтэнд хяналт тавин ажиллахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгасугай.
 
                     
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                   Н.БАТАА