Багахангай дахь Мах боловсруулах үйлдвэрийн цаашид шийдвэрлэх асуудлын тухай

2013-03-11 00:00:00
2013 оны 03 сарын 11 өдөр                                                дугаар А/178                                          Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолын 2.1 дүгээр заалтыг  үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. ”Багахангай” НӨҮГ-ын мах боловсруулах үйлдвэр, харьяа бусад объектын өнөөгийн байдалд шинжилгээ хийж, цаашид үйлдвэрлэлийн эзлэх байр суурь, оролцоог тодорхойлох үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг   хавсралтаар  баталсугай.
 
2. Махны зах зээлийн эрэлтийн чиг хандлага, нийлүүлэлтийн механизмын өнөөгийн байдлыг тодорхойлж, үйлдвэрлэлийн процессийг цаашид хөгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах Зөвлөх үйлчилгээний баг шалгаруулан авч  ажиллуулахыг  ”Багахангай” НӨҮГ-ын Мах боловсруулах үйлдвэр /П.Цогтбаатар/-т даалгасугай.
 
3. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний  үйл ажиллагаанд шаардагдах  санхүүжилт болох 10.000.000 / арван сая / төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргаж зарцуулах асуудлыг шийдвэрлүүлэхийг Нийслэлийн  Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуунд/-т  даалгасугай.
 
4. Багахангай НӨҮГ-ын мах боловсруулах үйлдвэрийн талаар зөвлөх үйлчилгээний  баг болон ажлын хэсгийн судалгааны дүнд үндэслэн санал боловсруулж  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж танилцуулахыг  Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ