Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2018-03-02 11:20:03

2018 оны 03 сарын 02-ны өдөр                                   Дугаар А/213                                        Улаанбаатар  хот

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 46 дугаар зүйлийн 46.3, 53 дугаар зүйлийн 53.2, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 337 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын хамтарсан 2017 оны А/401, А/203 дугаар тушаалыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид эрх шилжүүлэн хэрэгжүүлэх нийслэлийн боловсролын салбарын зарим төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Б.Гүндсамбуу/-т даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлыг эхлүүлэх, хугацаанд нь ашиглалтад оруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор газрын байршлыг шийдвэрлэж, барилга барихаар төлөвлөсөн газрыг яаралтай чөлөөлөхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулж, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус үүрэг болгосугай.

 

      4.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

      5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад үүрэг болгосугай.

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                         ЗАХИРАГЧ                                               С.БАТБОЛД