Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2017-11-24 11:55:06

2017 оны 11 сарын 24-ний өдөр                                         Дугаар А/899                                    Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

 хүчингүй болгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн гүүрний зүүн хойд талд хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар 9900 м2 газрыг “Цэцэгсийн шилтгээн” ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т “Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 21.5.3-т “Дүүргийн Засаг дарга энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд “Цэцэгсийн шилтгээн” ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул тус компанийн дээр дурдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан “Цэцэгсийн шилтгээн” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын  27-ны өдрийн А/55 дугаар захирамжийн хавсралтын 23 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                                                         С.БАТБОЛД