Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

2017-09-12 08:10:50

2017 оны 09 сарын 12-ны өдөр                                         Дугаар А/687                                       Улаанбаатар хот

 

 

 

Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн

бэлтгэлийг эрчимжүүлэх талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

 


        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн “д”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Засгийн газрын 2017 оны 187 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:         

         1.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

         1.1.Дүүргүүдийн Засаг дарга нарт:

 

      а/нийслэл хотод 2017 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг графикт хугацаанд нь хийж, авто зам, замын байгууламжийн хальтиргаа, гулгаанаас сэргийлэхэд шаардагдах элс, давс, тусгай зориулалтын бодисыг хангалттай хэмжээгээр нөөцлөх;

 

        б/улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилга байгууламжийн их болон урсгалт засварын ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх;

 

        в/орон сууц, гэр хорооллын  гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн засвар, үйлчилгээг графикт хугацаанд нь дуусгаж, гэрээний дагуу хяналт тавьж ажиллах;

 

          г/аж ахуйн нэгж, байгууллага, орон сууц, Сууц өмчлөгчдийн холбоодын орчны цас мөсийг байнга цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж, хальтиргаа, гулгаанаас хамгаалсан зориулалтын шалавч наалгах арга хэмжээ авах;

 

          д/харьяалах нутаг дэвсгэрийн авто замуудад хальтиргаа, гулгаа үүсгэхгүй байх, цас орсон үед нягтрахаас өмнө цэвэрлэх, мөстөлт үүсэхээс сэргийлэх, цэвэрлэсний дараа элс, давсны холимог, тусгай зориулалтын бодис цацах ажлыг зохион байгуулах.

 

           1.2.Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд:

 

          а/Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгөөр, баталсан зургийн дагуу кабель шугамын ажил гүйцэтгэх явцад шугамын трасст газар олгосон /Данзангийн гудамжны 1, 2, 3, 7а, 7б, 8, 9, 10, 12, 13 тоот өрхүүд/ асуудлыг яаралтай шийдвэрлэж, кабель шугамын ажлыг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

 

          б/Их тойруу 110кВ-ын цагираг шугамын ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийдвэрлэх.

 

           1.3.Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т:

 

           а/нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, зайлшгүй шаардлагатай сэлбэг хэрэгсэл, шатах тослох материал, хөлддөггүй шингэнийг зохих хэмжээнд нөөцөлж, өвлийн улиралд тээврийн үйлчилгээг тасралтгүй явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах.

 

           1.4.Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т:

 

         а/Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/615, А/632 дугаар захирамжаар хөрөнгө шийдвэрлүүлсэн ажлуудыг халаалтын улирал буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө ашиглалтад оруулах;

 

     б/Их тойруу 110кВ-ын төслийн хүрээнд хэрэгжиж байгаа 220/110/35кВ-ын Сонгино дэд станцын трансформаторын угсралтын ажлыг яаралтай дуусгаж, яармаг орчмын айл өрхийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэх.

 

           1.5.”Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ /Ц.Төрхүү/-т:

 

        а/нийслэл хотод 2017 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх;

 

         б/Улаанбаатар хотын “Төв цэвэрлэх байгууламж”-д хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл, арга хэмжээний үлдсэн ажлуудыг дуусгаж, ус түгээх байрны хэвийн найдвартай ажиллах нөхцөлийг хангах.

 

           1.6.”Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ /Г.Баттулга/-т:

 

          а/улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа их засвар, шинэчлэлтийн ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах;

 

          б/харьяа зуухнуудын нүүрсний нөөцийг халаалтын улирлаас өмнө татах ажлыг дуусгаж,  нүүрсний нөөц, үнслэгийг заагдсан стандартын дагуу хадгалах ажлыг зохион байгуулах;

 

            в/”Хилчин хотхон”-ы 2 дугаар хэлхээний гидравлик тооцоог хийж, тохируулах хэрэгсэл суурилуулах.

 

            1.7.”Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ /Ж.Чинзориг/-т:

 

       а/авто зам, замын байгууламжийн хальтиргаа, гулгаанаас сэргийлж, шаардагдах элс, давс, тусгай зориулалтын бодисыг хангалттай хэмжээгээр нөөцлөн, гол болон туслах зам, урсгал тусгаарлах хайс, хашлагуудын эвдрэл, гэмтлийг засварлаж дуусгах, цэвэрлэгээ, үйлчилгээний машин механизмын бэлэн байдал, ажилчдын өвлийн хувцас болон багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, шаардлагатай арга хэмжээ авах;

 

           б/нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд хэрэгжүүлэх зам засварын ажлуудыг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгах.

 

           1.8.”Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ /Т.Цэрэнноров/-т:

 

        а/үерийн далан суваг, ус зайлуулах далд сувгийн цэвэрлэгээний ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө дуусгаж, авто зам, замын байгууламжийн хальтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэхэд шаардагдах элс, давс, тусгай зориулалтын бодисыг хангалттай хэмжээгээр нөөцлөх арга хэмжээ авах.

 

           1.9.”Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ /Б.Бямбадорж/-т:

 

         а/авто зам, замын байгууламж, явган замын цас мөсийг арилгахад шаардагдах элс, давс, тусгай зориулалтын бодисыг хадгалах, нөөцлөх, агуулах савын хүрэлцээг нэмэгдүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээний машин механизмын бэлэн байдал, ажилчдын өвлийн хувцас болон багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, шаардлагатай арга хэмжээ авах.

 

           1.10.”Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ /Ж.Батсайхан/-т:

         а/өөрийн хөрөнгөөр хийж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусган, харьяа байгууллагуудын ус, дулаан дамжуулах төвүүдэд нөөц насос, автомат удирдлагын самбар болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг нөөцлөх ажлыг зохион байгуулах;

 

          б/олон жилийн параметрийн ажиглалтад үндэслэн дулаан, цахилгаан хангамжийн доголдол гарах эрсдэлтэй байршлуудад анхаарч ажиллах, халаалтын цогц төхөөрөмжийн хоёрдугаар хэлхээний гидравлик горимын тооцоог батлуулах;

 

          в/дулааны үр ашгийн төслөөр орон сууцны байрнуудын узельд суурилагдсан 806 холигч насосны узелийн 1578 тоноглол ажиллахгүй байгааг үе шаттайгаар ашиглалтад оруулах.

 

           1.11.Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын хувийн хэвшлийн байгууллагуудад:

 

          а/Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.12 дахь заалтуудын биелэлтийг ханган, дулаанаар хангах тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэх, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хангагч компанитай байгуулах.

 

           1.12.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагын дарга нарт:

 

        а/нийслэл хотод 2017 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх;

 

          б/улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн  барилгын их болон урсгал засварын ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэх, байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах;

 

       в/сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтын зуухнуудын засвар, шинэчлэлтийн ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж, байнгын ашиглалтад оруулах;

 

         г/авто зам, явган хүний гарцын гэрэл дохионы найдвартай ажиллагааг хангах, хүйтэн сэрүүний улиралд царцахгүй байхаар телекамер холболтыг шийдвэрлэж, ашиглалтын найдвартай ажиллагааг хангах.

 

           1.13.Дулааны цахилгаан станцууд болон “Амгалан Дулааны станц” /Ш.Баянмөнх/-т:

 

       а/өвлийн оргил ачааллын үед “Нүүрсний аюулгүйн нөөц”-ийг 20 хоногоор тооцон бэлтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

 

             1.14.“Улаанбаатар дулааны сүлжээ” ХК /Д.Бямба-Очир/-д:

 

            а/улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, өөрийн хөрөнгөөр хийж байгаа их болон урсгал засварыг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн дуусгаж, сүлжээг залгасан байх;

 

            б/Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.12 дахь заалтуудыг зөрчин тусгай зөвшөөрөлгүй орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын үйл ажиллагаа эрхэлж байгаа Сууц өмчлөгчдийн холбоо, иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудтай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ хийж байсныг зогсоож, эрх бүхий байгууллагатай гэрээ хийх;

 

         в/орон нутгийн болон хувийн хэвшлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран орон сууцны барилгын халаалтын дотор системийн угаалга цэвэрлэгээ, дотор системийн тохируулга зүгшрүүлэг, дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр ажил зохион байгуулах;

 

           г/дулааны төв шугамын гидравлик горимын тооцоог батлуулан, мөрдөж ажиллах, 2017-2018 оны халаалтын улиралд дулааны төв шугамд гарсан аваарь, гэмтлийн үед ажиллах горим ажиллагааны журам боловсруулан батлуулах;

 

          д/хэрэглэгчийн дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн хийж дуусгах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа 12а магистраль, Дүнжингарав хорооллын гадна шугам шинэчлэх ажлыг Эрчим хүчний яам, оршин суугчидтай уулзалт зохион байгуулж,  халаалтын улирал эхлэхээс өмнө хийж дуусгах.

 

              1.15.“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК /Д.Баярсайхан/-д:

 

            а/нийслэл хотод 2017 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх, 2017 оны их болон урсгал засварыг хуваарийн дагуу чанартай хийж гүйцэтгэж, тухай бүр туршилт тохируулгыг хийсэн байх;

 

            б/гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтыг сайжруулах ажлын техникийн нөхцөл гаргах, зураг, төсөв зөвшилцөх ажлыг шуурхай зохион байгуулах;

 

             в/удаашралтай байгаа байгаа техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд хэрэгжих ажлуудыг яаралтай зохион байгуулж дуусгах, нийтийн эдэлбэр газар кабель шугамын засвар шинэчлэлтийн ажил хийхдээ зам, талбайн сэтлэх, сүвлэх зөвшөөрөл авч, нөхөн сэргээлтийг тогтмол хийж, хүлээлгэн өгөх.

 

               1.16.“Мэдээлэл холбооны сүлжээ” ХК /Ч.Золбаяр/-д:

 

            а/нийслэл хотод 2017 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.

 

              1.17.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад:

 

               а/өвлийн улиралд өөрийн эзэмшил газрын  гадна орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайн цас, мөсийг тогтмол цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхад анхаарч, цас, мөс цэвэрлэх зориулалттай багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллах.

 

               2.Хариуцсан инженерийн шугам сүлжээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалгаж, эвдрэх, үрэгдэх тохиолдолд тухай бүр шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад, нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, өвлийн их ачааллын үед ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, инженер хангамжийн  байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт тус тус үүрэг болгосугай.  

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          С.БАТБОЛД