Нийслэлийн 2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажил зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2017-09-11 08:05:57

2017 оны 09 сарын 11-ний өдөр                                        Дугаар А/679                                     Улаанбаатар хот

 

 

 

Нийслэлийн 2017 оны хоёрдугаар ээлжийн

цэрэг халах, татах ажил зохион байгуулах

 талаар авах зарим арга хэмжээний тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, Засгийн газрын 2017 оны мн/52 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах болон цэргийн гэрээт албанд элсүүлэх ажлыг нийслэлийн хэмжээнд 2017 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

          2.Цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулах үүрэг бүхий “Нийслэлийн цэрэг татлагын товчоо”-г 1 дүгээр, Зэвсэгт хүчин, хилийн цэргийг нөхөн хангахаар цэргийн жинхэнэ албанд дүүргүүдээс тэнцүүлэн татах болон цэргийн гэрээт албанд элсүүлэх хяналтын тоог 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

           

            3.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

 

            3.1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т:

             

          а/нийслэл, дүүргийн “Цэрэг татлагын товчоо”-ны дарга болон гишүүдийн ажил, үүргийн хуваарийг тогтоож, цэрэг халалт, татлагын талаарх эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, зааварчилгаа өгч, цэрэг татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

 

            б/цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудаас цэргийн гэрээт албанд элсүүлэх ажлыг холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулах.

 

              3.2.Дүүргүүдийн Засаг дарга нарт:

 

          а/”Цэрэг татлагын товчоо”-г дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулж, гишүүдэд орон нутгийн засаг захиргааны албан хаагч болон холбогдох байгууллагуудаас оролцуулах;

 

            б/албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан маягтыг хөтлөн, ажлын байр болон тээврийн хэрэгслээр хангаж, шаардлагатай хөрөнгийг гаргах;

 

           в/Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, залуучуудыг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өгсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах;

 

            г/цэрэг халалт, татлагын үед иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цэрэгт татагдагсдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг, шалгалт хийж, жолоочийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллах;

 

          д/цэрэг татлагын байр бэлтгэж, цэргийн жинхэнэ албанд татагдагсдад эрүүл мэндийн үзлэг явуулах нарийн мэргэжлийн эмч, сувилагчийг сонгон, зааварчилгаа өгөх, тэднийг эм, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах;

 

            е/Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2014 оны А/50 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, цэргийн жинхэнэ албаны хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдаж байгаа цэргийн үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтад хамруулах зэрэг шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;

 

            ж/цэрэг татлагыг зохион байгуулсан тухай дүн, мэдээг цэрэг татлага дууссанаас хойш 3 хоногийн дотор “Нийслэлийн Цэрэг татлагын товчоо”-нд ирүүлэх.

 

            4.Цэрэг халалт, татлагын ажлыг нэгдсэн удирдлагаар ханган, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өндөр хэмжээнд зохион байгуулж, дүнг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                                                     С.БАТБОЛД