Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай

2017-08-29 08:00:36

2017 оны 08 сарын 29-ний өдөр                                          Дугаар А/639                                     Улаанбаатар хот

 

 

Захирамжийн хавсралтын зарим

хэсгийг хүчингүй болгох тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 19000 м2 газрыг иргэн Э.Мөнхбаатарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “Нийслэлийн Засаг дарга нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж, мөн зүйлийн 21.5.3-т “Дүүргийн Засаг дарга энэ хуулийн  21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд иргэн Э.Мөнхбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тул “Газар эзэмших эрх олгох тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/120 дугаар захирамжийн хавсралтын 22 дахь хэсгийг хүчингүй болгосугай.

 

          2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн Э.Мөнхбаатарт холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу хүчингүй болгож, гэрээг цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР  ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                                                    С.БАТБОЛД