Үзлэг, шалгалт хийх тухай

2017-08-25 08:05:51

2017 оны 08 сарын 25-ны өдөр                                   Дугаар А/628                                             Улаанбаатар хот

 

 

Үзлэг, шалгалт хийх тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “е”, 29.1.6-гийн “а”, 29.2, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоол, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны   45 дугаар тогтоолоор баталсан “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6043:2009” стандартыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

        1.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар болон жуулчны баазуудад мөрдөж байгаа стандартын хэрэгжилтэд хийх үзлэг, шалгалтыг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрүүдэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар /Д.Батсүх/-т, нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газар болон жуулчны баазуудыг үзлэг шалгалтад бүрэн хамруулан, шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

              

         2.Үзлэг, шалгалтыг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтад заасан 3.161.050 /гурван сая нэг зуун жаран нэгэн мянга тавин/ төгрөгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

              

        3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан үзлэг, шалгалтын удирдамжийг батлан, биелэлтэд нь хяналт тавьж, дүнг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                         С.БАТБОЛД