“Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах ажлыг зохион байгуулах тухай

2017-08-25 08:25:33

2017 оны 08 сарын 25-ны өдөр                                     Дугаар А/626                                     Улаанбаатар хот

 

 

“Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврийн

хэрэгслээр хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах

ажлыг зохион байгуулах  тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”, 29.2, Донорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дүгээр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 95 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Нийслэлийн оршин суугч, “Хүндэт донор” иргэдийг нийслэл хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт 2 удаа хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

        1.1. нийслэлийн оршин суугч, “Хүндэт донор” иргэдийг нийслэл хот дотор нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт 2 удаа хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах ажлыг зохион байгуулж, холбогдох гэрээнүүдэд зохих журмын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т, шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан нийтийн тээврийн үйлчилгээний нэмэлт зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус;

 

         1.2.  нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих, нийслэлийн оршин суугч “Хүндэт донор” иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн цахим төлбөрийн системд бүртгэн, цахим төлбөрийн карт олгож, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон талаарх мэдээллийг сар бүрийн 25-ны өдрийн дотор  Нийслэлийн Тээврийн газарт хүргүүлж байхыг “Улаанбаатар смарт карт” ХХК-д;

 

         1.3. энэ захирамжийн 1.1, 1.2-т заасан арга хэмжээний хүрээнд Монголын улаан загалмайн нийгэмлэг болон “Улаанбаатар смарт карт” ХХК-тай гэрээ байгуулж, хамтран ажиллахыг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т.

 

       2. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд үүрэг болгосугай.

 

 

 

                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                 БӨГӨӨД УЛААНБААТАР  ХОТЫН

                                ЗАХИРАГЧ                                                                    С.БАТБОЛД