Хөрөнгө гаргах тухай

2017-08-24 08:05:53

2017 оны 08 сарын 24-ний өдөр                                        Дугаар А/622                                     Улаанбаатар хот

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.1.6-гийн “б”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.9, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Сонгинохайрхан дүүргийн 1, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх, халдварын голомтод ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, вакцинжуулах, тухайн бүсэд амьдарч байгаа иргэд болон үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд даалгасугай.

 

         2.Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэхэд шаардагдах 206.906.680 /хоёр зуун зургаан сая есөн зуун зургаан мянга зургаан зуун наян/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

          3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                   

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        С.БАТБОЛД