Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүрэм, бүтэц орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай

2013-01-29 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах камерийн хяналтын систем ашиглан, зөрчил гаргасан этгээдийг торгох шинэ систем бий болгох, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөх зэрэг тус байгууллагын үндсэн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв” /НӨҮГ/-ийн дүрмийг шинэчлэн нэгдүгээр, бүтэц, орон тооны хязгаарыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх, хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах, шинээр батлагдсан орон тооны хязгаарт багтаан албан хаагчдыг томилох, цалин нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоож ажиллахыг Улаанбаатар хотын Зам хөдөлгөөний удирдлагын төв /НӨҮГ/ /Л.Батцоож/-д үүрэг болгосугай.

3.Замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж, журамлах албыг автомашин ачсан үйлчилгээний хураамжаас бүрэн санхүүжүүлэхийг “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв” /НӨҮГ/ /Л.Батцоож/-т үүрэг болгосугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвийн холбогдох зардлыг 2013 оны нийслэлийн төсвийн тодотголд тусгахыг Тамгын газар Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

5. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын   даргын 2010 оны 292 дугаар захирамжийн хавсралтаар баталсан Замын хөдөлгөөний удирдлагын төв /НӨҮГ/-ийн дүрэм, 2011 оны 337 дугаар захирамжийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан 1 дэх заалт, 2011 оны 878 дугаар захирамжийн бүтэц орон тоог баталсан 1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 

БӨГӨӨД  УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ