Зуслангийн ногоон бүс дэх газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээ тухай

2017-06-19 08:25:10

2017 оны 06 сарын 19-ний өдөр                                        Дугаар А/456                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Зуслангийн ногоон бүс дэх газрын зөрчил

арилгах талаар авах зарим

арга хэмжээ тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “л”, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 141 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 
      1.”Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн зуслангийн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, автомашин болон явган хүний орц, гарцыг чөлөөлөх болон гамшиг, ослын үед шуурхай албаны автомашин нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилгоор газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хавсралт ёсоор байгуулсугай.

 

           2.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

 

         2.1.зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд чөлөөлөгдсөн газруудыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, зуслангийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан үр ашигтай, зүй зохистой ашиглах, хамгаалах талаар санал боловсруулж, зураг төслийн хамт танилцуулахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус;

 

          2.2.дүүргийн хэмжээнд газар чөлөөлж, зөрчил арилгах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий салбар Ажлын хэсэг байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нарт;

 

         2.3.газрын зөрчил арилгах арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т.

 

        3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан холбогдох зардлаас тухай бүр зохих шийдвэрийн дагуу санхүүжүүлж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

        4.Газрын зөрчил арилгах арга хэмжээний удирдамжийг батлан, уг арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу өндөр хэмжээнд зохион байгуулж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд үүрэг болгосугай.

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                          ЗАХИРАГЧ                                    С.БАТБОЛД