Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2012-11-27 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт, 32.6 дахь хэсгийг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:       

              1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/66 дугаар захирамжаар улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Баянхошууны 3.4 км авто зам, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Зүүн уулын үерийн хамгаалалтын байгууламжын трасст орсон иргэдийн өмчлөгдсөн газар болон өмчлөл, эзэмшлийн газарт байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар баталсугай.

                       2. Нэр бүхий 13 иргэнд  579 490 711 /Таван зуун далан есөн сая дөрвөн зуун ерэн мянга долоон зуун арван нэгэн/ төгрөгийн нөхөх олговрыг гэрээнд заасан хугацаанд 2012 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан  хөрөнгөнөөс гаргахыг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

           3. Иргэний өмчилсөн газар болон өмчлөл, эзэмшлийн газарт байгаа үл хөдлөх хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  иргэн, аж ахуйн нэгж,  байгууллагатай тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/-нд даалгасугай.

                     4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Н.Гантөмөр/-д үүрэг болгосугай.

 

                  

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ