Цэргийн тоо бүртгэл явуулах тухай

2012-11-28 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Иргэний цэргийн үүргийн болон  цэргийн албан хаагчийн эрх  зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэлийг 2013 оны 01 дүгээр сарын 04-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулж явуулсугай.

2. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2013 оны тоо бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн комиссыг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулж  ажиллуулсугай.

            Дарга:                                                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

            Орлогч дарга                      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 

                                                            Цэргийн штабын дарга

Гишүүд:                                 Нийслэлийн Цагдаагийн газрын дарга

                                                                                 

                       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын              

                                                            Хэвлэл, мэдээллийн албаны  дарга

 

Нарийн бичгийн дарга     Цэргийн  штабын тоо бүртгэлийн офицер

 

3.  Нийслэлийн комисс, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгах нь:

 

            а. Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг  гарган ажиллуулах.

            б. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж, албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион  байгуулах журмын хүрээнд сургалт, семинар явуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, тоо бүртгэлийн ажилд хяналт тавьж  ажиллах.

            в. Цэргийн тоо бүртгэлийг иргэдэд хүндрэл учруулалгүйгээр “Хорооны цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-г ашиглан зохион байгуулж, мэдээллийг цэргийн штабын мэдээллийн санд бүрэн оруулж, төрийн албаны стандартын шаардлагын дагуу маягтуудыг хөтлөн ажиллах.

            г. Цэргийн тоо бүртгэлтэй холбогдуулан ард иргэд, цэргийн үүрэгтнүүдэд  Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох хууль  эрх зүйн  баримт бичгүүдийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах.

            д. Цэргийн тоо бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд  болон холбогдох ажилтнуудыг татан оролцуулж, тоо бүртгэлийн журам  зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах.

            е. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулсан тухай мэдээ,  тайланг 2013 оны 01 дүгээр сарын 25-ны дотор Нийслэлийн цэргийн тоо бүртгэлийн ажлын хэсэгт  ирүүлэх.

            4. Цэргийн тоо бүртгэлийн явц, чанар, цэргийн үүрэгтнүүдийн хамралтанд байнга хяналт тавьж ажиллан, 2012 оны 01 дүгээр сарын 30-ны дотор мэдээ тайланг нэгтгэн танилцуулж,  Батлан хамгаалах яам болон Зэвсэгт Хүчний Жанжин Штабт хүргүүлэхийг Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

            БӨГӨӨД УЛААНБААТАР

            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ