“Иргэдийг хүлээн авах төв”-ийг ажиллуулах тухай

2012-11-02 00:00:00

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 4/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх, иргэдийн эрэлт хүсэлтийг шуурхай шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий “Иргэдийг хүлээн авах төв”-ийн засварын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, худалдан авалтанд шаардагдах 130’000’000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг  Тамгын газрын эд хогшил худалдан авах, урсгал засвар, төлбөр, хураамжийн зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

   2. Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж, санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

   3. “Иргэдийг хүлээн авах төв”-ийг тохижуулан, шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлж, хэрэгцээт тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр ханган “Өргөдөл, эрэлт хүсэлт шийдвэрлэх алба”-ны үйл ажиллагааг жигдрүүлж, холбогдох хууль журамд нийцүүлж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---