Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай

2012-11-30 00:00:00

   Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 “б”, 29.1.6 “а”, 36 дугаар зүйлийн 36.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08, 4/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

   Нэг. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг зохицуулах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Замын цагдаагийн газар /Ж.Буянбат/-т даалгасугай.

   1.1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улаанбаатар хотын зарим автозамуудад тогтоосон хязгаарлалтын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, хүүхдийн болон ажилчдын автобуснаас бусад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулж хяналт тавих;

   1.2.Замын хөдөлгөөнийг зохицуулах, зөрчил гаргагчид хариуцлага тооцох ажилтны тоог 120-оор нэмэгдүүлэх асуудлыг Хууль зүйн яамтай хамтран шийдвэрлэх;

   Хоёр. Энхтайвны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “5 шар”-ын автобусны зогсоол хооронд автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэлт хийж буй хүүхдийн болон ажилчдын автобусыг 2012 оны 12 дугаар сарын 10-аас эхлэн зорчуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/, хязгаарлалт шинээр тогтоох хэсэгт тусгаарлах хашлага болон тэмдэг, тэмдэглэгээ хийхийг Нийслэлийн Автозамын газар /Д.Нанзаддорж/, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулан, хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Ж.Буянбат/-т тус тус даалгасугай.

   Гурав. Автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээг тусгаарласан хашлага /тумб/-ны бүрэн бүтэн байдлыг өдөр тутам шалгаж, эвдэрсэн болон алга болсон хэсгийг яаралтай засварлах, дахин байршуулж ажиллахыг “Улаанбаатар зам, засвар арчлалт” НӨҮГ /Ч.Билэгсайхан/-т даалгасугай.

   Дөрөв. Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг  үйлчлүүлэгчдийн   автомашины    зогсоолоор    ашиглах      нөхцөл бүрдүүлэн ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга, албан байгууллагуудын удирдлагуудад, зогсоолын талбайн ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар /Ж.Буянбат/, Нийслэлийн цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.

   Тав. Нарантуул худалдааны төв орчмын автозамын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах талаар санал боловсруулж 2013 оны 2 дугаар сард багтаан танилцуулахыг нийслэлийн Автозамын газар /Н.Нанзаддорж/, Замын цагдаагийн газар /Ж.Буянбат/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/, нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/-д тус тус даалгасугай.

   Зургаа. Улаанбаатар хотын босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу хурдавчилсан буюу буухиа автобусны үйлчилгээг 2013 оны 02 дугаар сард багтаан зохион байгуулах, цаашид нийтийн тээврийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулах, автобус, таксийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т даалгасугай.

   Долоо. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс нийтийн тээврийн автобусны дундын болон эцсийн зогсоолуудыг камержуулах, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх асуудлыг судлан шийдвэрлэхийг Захирагчийн ажлын алба /н.Бадрал/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/-т тус тус даалгасугай.

   Найм. Зам, тээврийн зөрчил гаргасан жолоочид ногдуулах хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулж 2013 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Тамгын газрын Хууль зүйн хэлтэс /О.Машбат/, Замын цагдаагийн газар /Ж.Буянбат/, Нийслэлийн Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-т тус тус үүрэг болгосугай.

   Ес. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камераар илэрсэн зөрчилд хариуцлага  ногдуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, зөрчил гаргагчид хариуцлага тооцож ажиллахыг Тамгын газрын Хууль зүйн хэлтэс /О.Машбат/, Замын цагдаагийн газар /Ж.Буянбат/, Замын хөдөлгөөний удирдлагын төв /Л.Батцоож/-т тус тус үүрэг болгосугай.

   Арав. Улаанбаатар хотын зүүн, баруун талд зорчигч тээврийн үйлчилгээний автотерминаль /автовокзал/ байгуулах газрын асуудлыг судалж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган шийдвэрлүүлж ажиллахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Газрын алба     /М.Батсайхан/-нд тус тус даалгасугай.

   Арван нэг. Улаанбаатар хотын дотор төмөр замаар зорчигч тээвэрлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж, саналаа 2013 оны 01 дүгээр сард багтаан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.

   Арван хоёр. Автотээврийн хэрэгслийн бүртгэлийг сайжруулах, тээврийн хэрэгслийн татвар, даатгал, оношилгоо, зам тээврийн осол зөрчлийн талаарх нэгдсэн мэдээллийн сантай болох ажлыг 2013 оны 01 дүгээр улиралд багтаан хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.

   Арван гурав. Баруун талдаа жолооны хүрд бүхий тээврийн хэрэгслийн импортыг тодорхой    хугацаа     зааж     хориглох     саналыг    боловсруулж,    холбогдох   эрх  бүхий байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Замын цагдаагийн газар /Ж.Буянбат/-т тус тус үүрэг болгосугай.

   Арван дөрөв. Албан байгууллагуудын дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулах, бага сургуулийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Ц.Баатархүү/-д даалгасугай.

   Арван тав. Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээг шуурхай зохион байгуулах, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг бологсугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

---oOo---