“Автомашингүй өдөр” зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай

2017-05-16 15:31:52

2017 оны 05 сарын 11-ний өдөр                                         Дугаар А/301                                       Улаанбаатар хот

 

 

 

 

“Автомашингүй өдөр” зохион байгуулах

талаар авах зарим арга

хэмжээний тухай

 

 

          Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд  2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон зарласугай.

 

      2.“Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, дүүргүүдийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршил, үйл ажиллагааны чиглэлийг 2 дугаар, тус өдөр амрах томоохон зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийн жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

          3.Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай:

 

         3.1.Жанжин Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжаас дотогш замуудад 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 08.00-18.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллахыг Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар /Б.Эрдэнэбат/-т, нийтийн тээврийн хөдөлгөөний чиглэлд холбогдох өөрчлөлтүүдийг хийхийг Нийслэлийн Тээврийн газар /Д.Отгонбаатар/-т;

 

        3.2.“Автомашингүй өдөр”-өөр сонгосон талбайд “Ухаалаг зорчилт-Цэвэр агаар” уриан дор автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, худалдаа, үйлчилгээ зохион байгуулахыг энэ захирамжийн 2, 3 дугаар хавсралтад заасан дүүрэг, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт;

 

         3.3.Жанжин Д.Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан эрүүл, эко хүнсний үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт;

 

          3.4.”Автомашингүй өдөр”-тэй холбогдуулан энэ захирамжийн 3 дугаар хавсралтад заасан томоохон зах, худалдааны, үйлчилгээний төвүүдийг амраан, тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэхээр зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн газар /Ж.Эрдэнэболд/ -т.     

 

           4.”Автомашингүй өдөр”-ийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг баталж, явц, үр дүнг танилцуулж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус үүрэг болгосугай.

           

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                                    С.БАТБОЛД